Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг олон сараар төлөөгүйн улмаас ажилтнуудын эрх нь ноцтой зөрчигдөж эхэлжээ.
Тодруулбал, тус Эрүүл мэндийн төвийн ажилтнуудын нийгмийн даатгал өнгөрсөн оны зургадугаар сараас хойш төлөгдөөгүй юм байна. Өөрөөр хэлбэл, есөн сарын турш ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн улмаас цалингийн зээл болон бусад нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй болсныг тус төвийн ажилтнууд шүүмжилж байна.
Үүнээс гадна өнөөдрийн байдлаар жирэмсний амралтаа авсан найман ээж декритний мөнгөө авч чадаагүй байгаа ажээ. Мөн 40 гаруй хүний хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийг өгөөгүйг тэд онцолж байв. Эдгээр нөхцөл байдлаас үүдэж Эрүүл мэндийн төвийн ажилтнуудын эрх ноцтой зөрчигдөх нөхцөл байдал үүсээд байгаа аж.
Энэ талаар тодруулахаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгалтай холбогдоход “Ямар ажилтнууд ийм гомдол өгсөн талаар мэдээлэл эхлээд өгөх хэрэгтэй. Одоо хуралтай байгаа учраас ярих боломжгүй байна” гэв.
Тиймээс энэ асуудлыг Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газраас тодрууллаа.
Тус газрын Орлого шимтгэл, өр авлага барагдуулалтын байцаагч Т.Оч-Артагийн тайлбараар бол "Эрүүл мэндийн төв нь Нийгмийн даатгалын шимтгэлээ байнга хоцроодог. Нэг, хоёр сараар бус тав, зургаан сараар хоцроодог. Тиймээс Нийгмийн даатгалын газрын зүгээс байнга албадуулж, албан шаардлага хүргүүлдэг. Гэвч төлөхгүй байсаар ирсэн. Хуулийн дагуу 2024 оны дөрөвдүгээр сард дансыг нь хаахад хүрсэн. Ингээд 2025 оны нэгдүгээр сард 270 сая төгрөг шилжүүлсэн. Энэ шимтгэлийн мөнгөнөөс нь 2024 оны зургадугаар сар хүртэлх ажилтнуудынх нь нийгмийн даатгалыг төлсөн. Ингээд дахиад шимтгэлээ төлөхгүй байдалтай өнөөдрийг хүрч байна. Өнөөдөр хүртэл 2024 оны долдугаар сарын 1-нээс 2025 оны хоёрдугаар сар дуустал энэ байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн 1.5 тэрбум төгрөгийн өртэй байна.
Хуулиараа ажил олгогч ажилтнуудынхаа өмнө үүрэг хүлээж нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой. Мөн бид хуулиараа ийм урт хугацаанд шимтгэлээ төлөхгүй, өр үүсгэж байгаа ажил олгогчид шаардлага тавьж, дансыг нь хаах хүртэл арга хэмжээ авах ёстой. Одоо энэ одоо асуудал шүүхэд шилжихэд хүрээд байна” гэв.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Эмийн үнэ гаалиар нэвтэрснээс 33.2 хувиар нэмэгдэж зарагдаж байгааг тогтоожээ
С.Энхболд: Эрт илрүүлэх үзлэг хийснээр хүн амын өвчлөлийг 10-15 хувиар бууруулна
Эрүүл мэндийн сайд сахилга, хариуцлагыг сайжруулах албан даалгавар гаргалаа